Хугацаа
October 10, 2025 - November 10, 2025
Хаяг
LKHAM gallery, Central Park Office, 10th floor Sukhbaatar District, 1st Khoroo Ulaanbaatar, Mongolia 14240
Нүүдэлч ард түмэн өнө эртнээс өөрийн онцлогт соёл урлагаа ахуйтайгаа уялдуулан хөгжүүлж, хадгалан уламжлуулсаар ирсний хамгийн том төлөөлөл нь уламжлалт хээ угалз билээ. Хээ угалз нь хийсвэр шинжээрээ орчин үеийн урлаг, тэр дундаа абстракт зургийн төрөлтэй бүрэн харьцуулан авч үзэхүйц бөгөөд мэдрэмжээс ухамсрын түвшинд урлагийн жинхэнэ мөн чанарт ахисан бодит үнэний бүрэн дүүрэн тусгал, эцэг өвгөдийн маань ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн охь билээ.
3500 жилийн тэртээ Төв Азийн зүрхнээ аж төрж асан нүүдэлчдийн гайхамшигт өв болох буган чулууг хээ угалз, урлагийн талаас ухаж судлан, Чинхуа их сургуульд докторын зэрэг хамгаалсан судлаач П.Содгэрэлийн энэхүү үзэсгэлэн бол чимэглэх урлаг хэмээх ангилалд хязгаарлагдсаар ирсэн хээ угалзыг орчин цагийн урлагийн нэгэн бие даасан төрөл болгох хэтийн зорилгодоо өргөх цучил нь юм.
Хүн, байгаль, түмэн бодис хүйн холбоотойг хэдэн мянганы тэртээ таньж ойлгосон бидний өвөг дээдэс үеэс үед газар сэлгэн нүүж оршсоор ирсний эцсийн зорилт нь тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах алсын хараа байв. Байгаль орчлонгийн эрхэм дээд оршихуй хэдий ч тун эмзэгхэн. Нэгэн насны жам, оршихуйн мөн чанар, утга учрыг ухан таних их аянд идэвхийлэн яваа залуу уран бүтээлчийн хувьд бидний эхлэх гараа, эцсийн зогсоол болсон байгаль дэлхийгээ энэрэн хайрлах, ёс уламжлалаа хүндэтгэн дээдлэх эрхэм агуулгыг уран бүтээлдээ илэрхийлэхийг зорьдог.



