Хугацаа
May 16, 2025 - June 29, 2025
Хаяг
Central Park Office, 10th Floor, Sukhbaatar district 1 khoroo, Ulaanbaatar, Mongolia 14240
Монголчуудын нүүдлийн өв соёл, аж төрөх ёсонд байгалиа амьд хэмээн хүндэтгэж, хүрээлэн буй уул ус оршин буй бүхэн өөрсдийн гэсэн эзэнтэй гэж сургадаг билээ. Хүн байгалийн хүйн холбоотой гэж өөрсдийгөө нэрлэдэг монгол уламжлалд лус савдаг нь уран бүтээлчийн нүдээр хэрхэн дүрслэгдсэн, хүрээлэн буй орчинд үзүүлж буй хүний хор хөнөөлд тэдгээр эзэд хэрхэн хилэгнэж буй тухай А.Жавхлан “Могойн зүүд- Лусын орон” үзэсгэлэнгээрээ дамжуулан хүргэж байна.
Лус савдаг нь нүднээ үл үзэгдэх хий бие махбодтой ч монгол домог үлгэр дээр эмэгтэй хүний цээжтэй, могойн биетэйгээр дүрсэлсэн хувилбар бий. Байгалийг энэрэн тэтгэж, ан амьтдыг хамгаалан хайрлах лусын дүр бидэнд хамгийн танил ч гэлээ сүйтгэн хорлож буй нэгэнд хилэгнэн уурлаж хорлон хөнөөх үлгэрүүдийг ч бид мэднэ. Уран бүтээлч уг домгуудаас сэдэвлэн бүтээлүүдээ туурвисан нь байгаль дэлхийдээ хэрхэн хандаж буй бодит байдлаа дахин нэг эргэцүүлэхийг уриалж, аман зохиолын уг сэдвийг орчин үеийн дүрслэлээр буулгажээ.
Эл үзэсгэлэнгээр дамжуулан лусын орон, түүний амьтад болон нүдэнд үзэгдэх олон өөр дүрүүдээс харуулахын сацуу өв дамжигдан ирсэн уламжлалыг өнгөрсөн – ирээдүйтэй харьцуулах, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг бүтээлүүдээр дамжуулан хүргэх зэрэг цаг үе дэх чухал сэдвүүдийг багцлан хүргэлээ.
Түүний бүтээлүүд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд сонгогдон дэлгэгдсэн буюу Бохум хотын ДУМ (Герман, 2024), Кунстхалле Дюссельдорф (Герман, 2024), Гёте Институт Парис (Франц, 2022), IKOB – ОҮУМ, Ойпен (Бельги, 2021) зэрэг амжилтуудыг баталсан бол эл үзэсгэлэн уран бүтээлчийн эх орондоо дэлгэж буй анхны бие даасан үзэсгэлэн юм.