Болортуяа Мөнхжаргалын “Бэхэн сүлдэр” үзэсгэлэн нь хамгаалагч, хүч чадал, сүнслэг эрх мэдлийг бэлгэдэгч эцэг амьтдын хүчирхэг оршихуйг судалсан бүтээлүүдээс бүрдэнэ. Үзэсгэлэнгийн төвд уул усны сахиус болох Бодонгийн бүтэн биеийн динамик дүрслэл бүхий бэхэн зураг байрлах бөгөөд реализм болон өгүүлэмжит илэрхийллийг хослуулсан онцлогтой. Бага насандаа гэрийн тэжээвэр амьтадтай ойр өссөн уран бүтээлч зөвхөн амьтдын биеийн хэлбэрийг бус, харц, оршихуйг энергиэр нь дамжуулан дотоод мөн чанарыг нь илэрхийлэхийг зорьдог.
Бүтээлүүдэд дүрслэгдсэн эцэг амьтад нь догшин атлаа тайван, ноёрхогч атлаа хамгаалагч шинжийг агуулж, амьдралыг тэтгэгч, хамгаалагч бэлгэдэл болон илэрдэг. Хувийн туршлага болон эрэгтэй хүний үүрэг, эцэг зан чанарыг эмэгтэй хүний зөн совин, мэдрэмж нь илүү гүн, өвөрмөц гаргаж чадна гэж Болортуяа үздэг. Зарим бүтээлдээ ширүүн, догшин араатны зан авирыг зөвхөн байгаль дэлхийд л олж харах тэр сүр хүчийг уран бүтээлч анатомийг нь нарийн судлан, ур чадвараараа гайхамшигтайгаар илэрхийлсэн.
Түүний бүтээлүүд нь сэтгэл хөдлөлийн гүн мэдрэмж, сүнслэг ухамсраар дүүрэн бөгөөд Мөнх Хөх Тэнгэрийн үзэл болон хүн, байгалийн ариун тэнцвэрийн тухай Монголын уламжлалт ойлголтоос урам авч улмаар aмьтдыг хүн ба байгалийн ертөнцийг холбогч зуучлагч, хамгаалагч болон бэлгэ ерөөлийн энергийг тээгч дүрээр илэрхийлсэн. Уран бүтээлч эдгээр бүтээлээрээ дамжуулан хамгаалалт, тэнцвэр, сүнслэг амар амгалангийн энергийг орон зайд түгээхийг зорьсон.
Бэхэн зураг нь алдаа гаргахад засах боломжгүй, нарийн мэдрэмж болон ур чадвар шаарддаг техник юм. Бүтээл бүр нарийн зохиомж, бодит ажиглалтаас эхлэлтэй бөгөөд тэрээр бэх болон бэх тусгаарлагч техникийг хяналттай агаарын урсгалтай хослуулан, нарийвчлал ба санамсаргүй хөдөлгөөний тэнцвэрийг хадгалсан урсамтгай, динамик дүрслэлүүдийг бүтээдэг.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс амьтдын дүрслэлээр дамжуулан хүч чадал, хамгаалалт, дотоод хүч ба тогтвортой байдал, сүнслэг оршихуйн тухай илүү гүн мэдрэмжийг олж харах боломжтой.